9/14/2008

Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт мөн

-Титэм үг-

Монгол түмний үндэсний бахархал болсон эрийн гурван наадмын нэг төрөл нь сурын харваа билээ. Найман зуу гаруй жилийн тэртээд Есөнхээ мэргэн 335 алд газар харван байг онож, дээд амжилт тогтоожээ. Энэ аварга амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийлүүлсэн нь Чингисийн чулууны бичиг гэж алдаршиж, сурын спортод зориулсан дэлхийн анхны хөшөө болсон түүхтэй.

Нум сумын эд ангиуд тус тусдаа өөрийн гэсэн нэртэй. Сумны гол хэсгийг модоор хийнэ. Энэ мод өөгүй тэгш, муруй тахиргүй, шув шулуун байх шаардлагатай. Харвах сумны өд наах хэсгийг "мөс" гэж нэрлэнэ. Нум галжиртсан буюу мөс муруй тахир байвал тавьсан сум байнд тусахгүй. Мөс муутай бол сум гэж нэрлэхээс цаашгүй, сумны мөн чанар нь алдагдана. Монгол 'хэлэнд хүний мөс, мөс сайтай, хүний мөсөөр хөлийн чигжий хуруу шиг зэрэг үг хэллэг, ойлголтууд бий. Сумны мөс, хүний мөс хоёрын илэрхийлэх цаадах гүн утга нь ижил. Хүнд муруйж тахийж болдоггүй, муутгаж дордуулж болдоггүй, хаяж гээж болдоггүй нэгэн зүйл бий. Энэ нь хүний мөс. Хүний мөс, сумны мөс лугаа адил шув шулуун байх ёстой. Хүний мөс муудаад, муруйж тахийгаад ирэх юм бол хүн байх мөн чанараа алдаж эхэлдэг.

Хүн мөсний дээд жишигийг үр хүүхдээ хайрлах эхийн сэтгэлээр илэрхийлсэн домгийн өгүүлэмжтэй байх нь элбэг. Ганц хүүтэй, сайхан сэтгэлт элбэрэлт эх байжээ. Хүү нь ханиа буруу сонгож шуламтай нөхцөв. Эхнэр нь болсон шулам хүндээр өвдсөн болж, баашлан хэвтжээ. Ямар ч эм тан өгч, эмч отчид очоод заслыг үл олов. Хүү нь эхнэрээсээ чиний амийг аврахад юу хэрэгтэй байна вэ, би чиний төлөө юу ч хийхэд бэлэн байна гэж учирлан аргадав. Шулам эм, миний бие заслыг олоход ганцхан л зүйл хэрэгтэй. Даанч чи түүнийг авчирч өгч чадахгүй гэж уйлагнав. Түүнийгээ хэлээч дээ гэж хүү учирлав. Ээжийнхээ зүрхийг авчирч өгвөл би эдгэнэ гэж эхнэр нь хэлэв. Хүү ээждээ очиж эхнэрийнхээ хэлснийг хэлэхэд ээж нь хүүд минь хэрэгтэй байгаа юм бол миний зүрхийг ав даа гэжээ. Эхийнхээ зүрхийг бариад яаран гүйж явсан тэнэг хүү чулуунд бүдрэн ойчжээ. Тэгэхэд ээжийнх нь зүрх "хүү минь, чи өвдөөгүй биз?" гэж хайрлан, халаглан асуусан гэх домог бий. Энэ домог хэдийгээр гунигтай, сонсоход хэцүү хүнд ч эх хүний хүүгээ гэсэн цэвэр ариухан сэтгэл, хүн мөсний мөн чанар, утга учрыг яруу тод илэрхийлсэн байдгаараа онцгой юм.

Шүүдрийн усыг цуглуулан цай чанаж өгвөл шөнө ганцхан удаа босч хөхүүлсэн ээжийнхээ ачийг хариулахтай тэнцэнэ гэх зүйрлэл бий. Энэ бол манай ухаант ард түмний хүн мөс, ёс суртахууны агуу зүйрлэл мөн билээ. Саяхан би "Шартсан найзынхаа шарыг тайлах нь ээжийнхээ ачийг хариулахтай тэнцэхүйц ач мөн" гэх сонин марзан зүйрлэл сонслоо. Цаг үеийн ханшийг илтгэж, өнөө үеийн өнгийг заасан зүйрлэл бололтой юм. Гэхдээ энэ хэллэг ёс суртахуун, хүн мөсний ямар их өндөр зэрэглэлтэй байсан ард түмний зарим хэсгийнх нь ёс суртахууны ханш ямар их шалдаа ортол дордож байна аа гэх сэтгэл түгшээсэн зовлон гунигийг дагуулж байгаа нь харамсмаар. Хүний мөс гэдэг нь их үнэтэй зүйл. Хүн мөсөө хадгалах нь өөрт байгаа сайн сайхан бүхний охь дээжээ муутгаж дордуулалгүй, хаяж гээлгүй хадгалж байна гэсэн үг. Хүний мөс чанар сайхан сэтгэлийн үйлдлээр өөрийгөө таниулж байдаг юм. Сайхан сэтгэлтний хүн мөс муудаж дордоно, муруйж тахийна гэж үгүй. Хүн мөсийг дордуулагч хорлолууд цөөнгүй бий. Тэрхүү хорыг хүн өөрөө ялгаруулдаг юм.

Хүн мөсийг муутгадаг нэг хорлолт үйл нь атаархал. Атаархлыг өдөөгч хүн бүрт цаанаасаа заяасан байгаа. Хааяа чиний атаархах сэтгэл хөдөлж магад. Атаархал хар, цагаан хоёр өнгө будагтай. Чамаас илүү амжилт гаргасан хүнийг үзэн ядаж, байж сууж чадахгүй байгаа бол өөрийгөө хар атаархлын хүлээсэнд баглагджээ гэж мэд. Хар атаархлын хорыг сэтгэлдээ бүү үүсгэ. Яагаад гэвэл хар атаархлын хор чиний урагшлах замд тээг болон хөндөлсөхөөс өөр юуг ч авч ирэхгүй. Хараар атаархагч хүн хамгийн хар зовлонгоор шаналдаг. "Шаналахыг хүсэхгүй байгаа бол атаархахын хэрэггүй". Цагаан атаархал муу шинж биш. Чи хийж чадах, хийх ёстой зүйлээ дутуу хийгээд байна, хүрч чадах түвшиндээ очиж чадахгүй байна гэдгийг бусдын атаархам амжилт дохио болон сануулах, шавдуулах хэмжээнд байвал биеэ чагнаж, санаа зовох хэрэггүй. Цагаан атаархлыг өөрийгөө дайчлах шинэ эрч хүч, эрмэлзэл тэмүүллийн эх үүсвэр болгон ашиглах нөөц боломж чамд хангалттай байна гэсэн үг. Цагаан атаархлыг төгс төгөлдөр рүү эрмэлзэж тэмүүлэх хүчит хөшүүрэг болгон ашиглахыг хичээ. Чиний амжилтанд үнэхээр баярлаж байгаа хүн, мөн хуурамчаар инээмсэглэж "баяр хүргэе" гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ өөр юм бодож байгаа хүн хоёрыг ямагт мэдэж таньж болдог. Чиний амжилтанд үнэхээр баярлаж байгаа тэр эрхэм, сайхан сэтгэлт, мөс сайт хүн мөн. Хуурамчаар инээмсэглэн, үнэн хэрэг дээрээ өөр юм бодон баяр хүргэгч сэтгэлийн гүндээ атаархлын хорыг ялгаруулж байгаа атгаг санаатан. Ямар нэг зүйлд хүрэхээр тэмүүлэн зүтгэж байгаа үед чинь сөрөг бодол санал хэлж эргэлзүүлэх шиг хэрэггүй юм байхгүй. Тэрэнтэй тэрэнгүй эргэлзээ тээнэгэлзээ чамд хангалттай байгаа шүү дээ. Зорьж тэмүүлж байгаа үйлээс чинь зөрж эргэлзүүлэх хүсэлтнээс дөлж тойрч яв.

Цагаан атаархал чинь тэвчээрийн хил заагаа давж өшөө хорсол, үзэн ядалт дагуулсан хар атаархал болон хувирах вий. Үүнээс ямагт болгоомжилж, хүн мөсөө хадгал. Хэн нэгэнд дургүйцсэн дургүйцэл нь өшөө хорсол болон хувирах үед өшөө авах муу бодол тархи толгойд чинь орж ирж ч мэднэ. Тэр үед ганцхан зүйлийг сана. Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт байдаг гэдгийг санаж, хэрэгжүүл. Түүнээс өөр замаар өшөө авалтыг хэрэгжүүлэх нь бүү хэл бодохын ч хэрэггүй. Өшөө хорслыг хүчирхийллийн аргаар шийдэхийг оролдож огт болохгүй. Хүчирхийлэл эсрэг хүчирхийллийг төрүүлдэг юм. Хүчирхийллийн аргаар асуудлыг шийдвэл эргээд түүнийхээ золиос болон хохирно. Өшөө хорслыг ЧИНЬ дэвэргэж байгаа тэр хүнээс илүү сурч, илүү хөдөлмөрлөж, бүр илүү амжилт гарга. Тэр чиний дээд зэргийн өшөө авалт байх болно.

Чамд атаархаж ердөөн ч хордохгүй ээ гэх чин зүрхний цагаахан сэтгэлээр өөрийгөө чимж яв.

Эхийг http://news.gogo.mn-ээс

3 санал,шүүмж:

Anonymous said...

Чиний блогоос хэрэгтэй, сайхан мэдээлэлүүдийг уншлаа. Байнгын уншигч чинь байх болно.

... on September 24, 2008 at 12:24 AM said...

Баярлалаа урмын үг хэлж буйд хичээх болно. Дахин зочлоорой

Батсүхийн Баасанжаргал on September 24, 2008 at 10:47 PM said...

幸運, あなたは、成功でありえます

 

Надад итгэл бий Copyright © 2009 WoodMag is Designed by Ipietoon for Free Blogger Template